Thursday, April 20, 2017

Монгол анагаах ухааны хий, шар, бадганы тухай

Энэтхэг, төвд зэрэг дорно дахины орны анагаах ухаанаас уламжлан, монгол анагаах ухааны гол тулгуур онол болон баяжсаар ирсэн «хий, шар, бадганы» тухай ухагдахууны мөн чанарыг зөв тайлбарлан ухаарах нь олон талын чухал ач холбогдолтоп билээ. Сүүлийн жилүүдэд энэ асуудлаар гадаад, дотоодын олон судлагч, ажиглагчид сонирхолтой санаа дэвшүүлсэн нь бий (4, 5, 22).
Дээрхи судлагчдын санаа бодлыг анхааран хүлээн авахын хамт зарим нэг дутагдалтай талыг дурдвал:
1. Хий, шар, бадганы ухагдахууныг орчин үеийн анагаах ухааны ангилал ойлголттой юм уу, ямар нэг тодорхой химийн бодисын үйлчлэлтэй шууд тулган холбохыг оролдсон;
2. Хий, шар, бадганы өөр хоорондын харилцан нягт уялдаат байдлыг алдагдуулан, хэт салгаж сарнимал байдлаар тайлбарласан нь бүхэлдээ энэ асуудлаар судалгааны нэгдмэл аргачлал, үзэл баримтлал бий болж чадаагүйтэй холбоотой юм.
Бид монгол анагаах ухааны сурвалж материалд тулгуурлан хий, шар, бадганы (Х.Ш.Б) мөн чанарыг тогтоох судалгаа, аргачлалын холбогдолтой нийтлэг асуудалд доорх үндсэн зарчмыг баримтлах нь зүйтэй болов уу хэмээн үзэж байна.
1.  Хий, шар, бадгана нь бүтцийн нэг ерөнхий байгууламжинд шүтэн байрласан үйл ажиллагааны харилцан адилгүй хэлбэр илрэл буюу «бүтэц-үйл ажиллагааны нийлмэл цогц» болох уг цогц нь гадаад, дотоод орчин, улирал», цаг уурын нөлөөг хүлээн авч хариу өгөх, даган өөрчлөгдөх дасан зохицохын хамт өөр хоорондоо нягт холбоотой, харилцан бие биедээ хувиран шилжих чадвартай уян хатан, динамик процесс гэдгийг нэн тэргүүнд анхаарах.
2.  ХШБ-ны ухагдахуун нь амьд бие махбодын   гадаад,   дотоод   орчны харилцан үйлчлэлийн ерөнхий хийгээд өвөрмөц тал хандлагыг харуулсан түгээмэл ухагдахуун болохын хувьд тэдгээрийн бодит тусгал мөн чанар нь тухайлсан нэг бүтцийн нэгж болох амьд эсээс авахуулаад бүхэл бүтэн биемахбодын түвшинд илэрдэг зүй тогтолтой байх ёстой гэдэг зарчмыг баримтлах нь зүйтэй. Иймээс бид ХШБ-ын бүх талын мөн чанарыг илэрхийлж чадах тийм «бүтэц-үйл ажиллагааны» түгээмэл тогтолцоо бол биемахбодын нийт эсүүдийн мембраныг багтаасан бүхэл бүтэн «байгууламж» байж болох тухай санааг дэвшүүлж байна. Бид асуудлыг ингэж тавихдаа тусгайлсан нэг эсийн мембраныг хэлээгүй бөгөөд харин мембраны байгууламжгүй нэг ч эс байдаггүй, мембраны зохицуулгагүйгээр явагддаг нэг ч эрүүл, эмгэг процесс үгүй аливаа эд, эс нь мембраны бүтэц, найрлага, рецептор, ферментийн цогц, тэнд явагдах физиологийн процессын эрчим, чиг хандлагаасаа л хамаарч өөр хоорондоо эрс ялгагддаг болон мембран нь «гадаад орчин-эс» «эс-эс» гэсэн мэдээллийг хүлээн авч нэгтгэж зөөн дамжуулах, энергиэр хангах бүтцийн найдвартай байгууламж болдог өвөрмөц чанарыг анхааран тусгасан юм (8,10,12,17, 20, 21, 24).
Эсийн мембраны бүтцийн хэсгүүдийн дотроос тэнд явагдах биологи биофизикийн процесст шууд нөлеөлөн (17) гадаад орчны (температур, даралт, чийглэг, хоол тэжээлийн найрлага) нөлөөг мэдэрч дасан зохицох өвөрмөц уян хатан чадвар бүхий бодис бол өөх тосны бодис юм (12). Эсийн мембраны байгууламжид өөхний бодис нь үндсэн хоёр хэлбэрээр буюу тосны ханасан, ханаагүй хүчлийн байдлаар орших бөгөөд уг хүчлүүдийн тохиромжтой тоон харьцаа нь мембраны нягт эзлэхүүн жин, уян хатан, чанар, урсамтгай чанар-хөдөлгөөн, ферментийн идэвх, «хатуу-шингэн» төлөв, хайлах царцах температур зэрэг амин чухал шинж чанарыг нөхцөлдүүлнэ (20). Өөрөөр хэлбэл мембраны тосны ханасан, ханаагүй хүчлүүдийн тооны ялимгүй боловч өөрчлөлт нь харилцан эсрэг тэсрэг төлөв байдалд хүргэнэ (20, 24). Эсийн мембраны хоёрч давхаргад, тосны хүчлүүд нь хатуу нягт эмх цэгцтэй, эсвэл шингэн буюу нягтаршил султай хоёр төлөв байдалд орших бөгөөд нэгдүгээр нь транс-конфигурацитай, хоёрдугаар нь гош-конфигурацитай холбоотой буюу тосны ханасан хүчлүүд өөр хоорондоо амархан харилцан үйлчлэлцэж нягтарснаар хатуу төлөвийг (хатуу мембраныг) үүсгэдэг бол тосны ханаагүй хүчлийн хоёрчийн холбоо нь тосны хүчлийн дэс дараалал, нягтралыг сулруулж сийрэгжүүлэх учир шингэн буюу уян хатан чанартай төлвийг (уян хатан мембран) үүсгэнэ (20). Хэвийн нөхцөлд мембран тосны ханасан, ханаагүй хүчлийн зөв зохистой тоон харьцаатай байгаагаас нөхцөлдөн хэт хатуу, хэт зөөлөн бус төлөв байдалд оршиж, тэнд ферментийн урвал, физиологийн процесс хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд эрхтэн бүр эсийн мембрандаа дээрхи хүчлүүдийг харилцан адилгүй тооны харьцаатай агуулдаг нь ойлгомжтой (7, 12, 20).
Судалгааны дээрхи материал дээр үндэслэн хий, шар, бадганыг эсийн мембрант баигууламжтай холбовол хий (лүн) хэмээх ойлголтын дор физиологи үндэс нь ионы дамжуулалт, физик төлөв нь мембраны хатуу-шингэн байдлын зохистой харьцаа, биохимийн үндэс нь мембран дахь тосны ханасан-ханаагүй хүчлийн тоон харьцаагаар нөхцөлдөн эсийн мембраны сэрэмтгий чанараар гадаад илрэлээ олсон үйл ажиллагааны олон талт үзэгдлийг хэлж болох байна.
Шар нь: мембрант байгууламжийн шингэн төлөв тосны хоёрч давхрага дахь ханаагүй хүчлийн, бадгана нь түүний хатуу төлөвтэй холбоотой буюу тосны ханасан хүчлийн шинж чанараар нөхцөлдөн явагддаг процесс болох тухай төсөөлөл мөн бий болж байна. Учир нь мембраны хатуу-шингэн төлөв нь тухайн эрхтэн, эсийн амин чухал фермент, уураг, рецепторийн буюу эсийн үйл ажиллагааны эрчимжилтийн түвшинд шууд нөлөөлөн зохицуулдаг зүй тогтолтой юм (20, 24). Х.Ш.Б-ны өөр хоорондын харилцан уялдаат байдал, тухайлбал хий нь арга, билэг (халуун-хүйтэн) тэгш чанартай буюу бадгана, шарын дунд оршиж, тэдгээрийн аль алилаас хамааран өөрчлөгдөх эргээд нөлөөлөх зохицуулгатай тухай ардын эмнэлгийн ухагдахуун нь (9) бидний дэвшүүлсэн шинэ санаанд хий нь мембрант байгууламжийн хатуу (бадгана) шингэн (шар) төлөв, тосны хүчлийн ханасан, ханаагүй холбооны тооны тэгш харьцаанаас нөхцөлдөнө гэсэн томьёоллоор бүрэн тусгагдаж чадаж байгаагаараа бусад судлаачдын дэвшүүлсэн санаанаас (4, 6, 22) илүү давуу талтай юм.
ХШБ-ыг мембраны байгууламжтай холбон тайлбарлах гэсэн бидний төсөөлөл хэр зэргийн үнэний үндэстэй байх нь ХШБ-ны тухай монгол анагаах ухааны онол, практикийн  олон  хүрээт  асуудлыг энэ дагуу хэр зөв зохистой, голыг нь олж тайлбарлаж чадаж байгаагаас харагдах ёстой. Нэг зүйлийг зориуд тодруулан хэлэхэд амьд биемахбодын мембрант байгууламжийн бүтцийг өөх тосны бодисоор төлөөлүүлэн ийнхүү үзүүлж байгаа нь уураг, нүүрс ус, бичил элемент зэрэг мембраны бүтцийн бусад чухал хэсгүүдийн гол ач холбогдлыг үгүйсгэн орхигдуулж байгаа хэрэг огт биш бөгөөд тэдгээр нь дангаар болон өөхний бодистой нэгдэл үүсгэсэн байдлаар зохицуулгын үүргээ гүйцэтгэх нь мэдээж юм.
Мембраны бүтцийн эх бие (матрица) болж, бусад бодисууд түүнтэй холбогдон үйл ажиллагаагаа явуулдгийн хувьд нь өөх тосны бодисыг нэлээд тодорхой байдлаар харуулахыг оролдов.
Ингэж хэлэхийн өөр нэг үндэслэл бол эсийн мембраны өөхний бодис хэт исэлдэн задарч, эс гэмтэж, үхжих нь аль ч эрхтэн эсийн түвшинд  илэрдэг түгээмэл зүй тогтолт эмгэг процесс гэдгээс урган гарч байна   (5, 7, 10).
Бид юуны өмнө хүн амьтны биеийн бүх эрхтэн эсийг сэрэмтгий чанар мембраны шингэн, хатуу төлөвт орших тосны ханасан, ханаагүй хүчлийн тоо, чанарын онцлог, ялгарах байдлыг нь харгалзан ангилах   оролдлого хийсэн юм. Үүнд:
— эсийн мембраны сэрэмтгий чанар өндөртэй буюу «хийн» төрх амархан илэрдэг эрхтнүүд (зүрх, тархи г м)
— эсийн мембраны шингэн төлөв голлосон ханаагүй хүчлүүдийг харьцангуй их агуулсан (зөөлөн мембрантай) шар голдуу илрэх эрхтэн (элэг, цөс, гэдэс, өөхний эд)
— эсийн мембраны хатуу төлөв давамгайлсан тосны ханасан хүчил харьцангуй их агуулсан (хатуу мембрантай)   бадгана голлосон эрхтнүүд (ходоод, дэшүү, уушги)
Ингэж ангилсны дагуу ХШБ-ын тухай Монгол анагаах ухааны онол-практикийн гол гол үзэл баримтлалыг тус тусад нь тайлбарлах оролдлого хийе.
1. Хий, шар, бадганы билиг чанар тэдгээрийн харилцан уялдаат байдал хийгээд биемахбодын мембраны байгууламж
«...Шар, бадгана хоёулаа бол шар халуун чанартай бадгана хүйтэн чанартай эсрэг тэсрэг байдалтай байхад, хий нь тэр хоёрын дунд халуун хүйтэн хоёуланд нь түшиж хоёрдмол чанартай байна. Ерөндгийн үүднээс хэлбэл шар арвитсныг дарах эм (ерөндөг) усан махбодтой, бадгана арвитсныг дарах эм гал махбодтой эсрэг тэсрэг гал, ус байх болно».
Гурван махбодыг (ХШБ) тус тусын билиг чанарын үүднээс авч үзвэл: бадганы хүйтэн шарын халуунтай бадганы хүнд шарын хөнгөнтэй бадганы мохдог нь шарын хурцтай бадганы хүйтэн чанартай тослог нь шарын халуун чанартай тослогтой тус тус харилцан эсэргүүцэх харилцаатай байх тул хүний бие цогцост бадгана, шар хоёр харилцан эсрэг, тэсрэг харилцаатай оршино.
Хийн билиг чанарын бүрэлдэхүүнийг шар, бадгана хоёрын билиг чанартай харьцуулж үзвэл хийн хөнгөн, бадганы хүндтэй эсрэг боловч шарын хөнгөнтэй нэгдэж хийн сэрүүн нь шарын халуунтай эсрэг боловч бадганы хүйтэнтэй нэгдэж, хийн ширүүн нь бадганы тослогтой эсрэг боловч шарын халууны хатаах, хуурай, болгох үйлдэлтэй нэгдэж, хийн хөлбөрөнхий нь бадгана, шартай эсэргүүцэлдэх нэгдэх хоёр талт чанарыг илтгэж байх тул хий махбод бол хоёрдмол чанартай юм. Шар, бадгана хоёр эсэргүүцэлдэхдээ харилцан түшиглэж харилцан хязгаарлал байдаг. Эсэргүүцэлдэж байх нь шар, бадгана хоёрын аль нэг тал боловч нөгөө талаасаа ангижирч, тусгай оршиж чадахгүй. Халуунгүй бол хүйтэнгүй, шар галын илч болж галын үйлийг үйлдэж байхад бадгана түүний эсрэг усны үйлийг үйлдэж, шарын халуун нь бадганы хүйтнийг хэтэрхий дзэшлэхийг хязгаарлан, бадганы хүйтэн нь шарын халуун хэтэрхий дзэшлэхийг хязгаарлах мэтээр харилцан хязгаарлаж байх тул хэвийн үед аль нэг нь хэтэрхий дээшлэх, доройтох үгүй тэнцвэртэй байдаг, хэмээжээ (3, 9).
Шар бадганы харилцан түшиглэх хийгээд харилцан эсэргүүцэх чанарын талаарх эдгээр зүйл нь мембраны байгууламжинд тосны ханасан, ханаагүй хүчлүүд харилцан шүтэлцээтэй оршиж мембраны хэвийн төлвийг үүсгэдэг тухай дээр бидний өгүүлсэнтэй тохирох байдал харагдаж байна.
ХШБ-ны билиг чанарын бүтээгдэхүуний тухай Монгол анагаах ухааны ухагдахууныг мембраны байгууламжтай холбосон байдлаар өнгөц харахад гэнэн мэт боловч цаанаа гүн үндэслэлтэй байж болох дүгнэлт хийж болох юм. Бадгана, шар хоёулаа тослог билиг чанартай. Гэхдээ шарын тослог нь халуун, бадганы тослог нь хүйтэн чанартай гэсэн нь шар бадгана хоёулаа «тосны бодистой» (ханасан, ханаагүй хүчил) нарийн шүтэлцээтэйг харуулах бөгөөд шарын тослог халуун бадганы, тослог хүйтэн гэдэг нь тооны ханаагүй хүчлүүдийн хайлах темлератур +15—+18° С буюу халуун чанартай, ханасан хүчлүүд +53°С—+69°С-т хайлдаг буюу тэдгээр нь гагцхүү ханаагүй хүчилдээ уусч байж бодисын солилцоонд (11) оролцдог харьцангуй «хүйтэн» чанартай гэж хэлж болохуйц байдал харагддаг. Энэ нь ерөөсөө шар, халуун, бадгана хүйтэн билиг чанартай гэдэгт ч мөн нэгэн адил хамаатай юм. Гадаад орчны температурыг 38°С-аас дээш болгоход мембраны зөвхөн шингэн үелбэр (ханаагуй хүчил) үлддэг 12°С-аас багасах үед хатуу үелбэр (ханасан хүчил) үлддэг, 12°С—33°С-д хоёул тэнцүү оршдог гэсэн нь ч (24) дээрхтэй шууд холбоотой юм.
Шар хөнгөн бадгана хүнд билиг чанартайн тухайд бол мембраны байгууламжинд тосны хүчлийн ханасан холбоо ихсэх тутам мембран нягтарч, хувийн нягт (жин) нь ихэсдэг, ханаагүй холбоо олшроход мембран сэвсийж, нягт нь сулран, хөнгөрдөг тухай материалыг дурьдаж болно (24).
А. Шарын хурц бадганы мохдог билиг чанарын тухайд бол тосны ханаагүй хүчлүүд (шар) нь ханасан хүчлээ бодвол урвалдах задрах чадвараараа хэдэн арав дахин их байдагтай холбоотой байж болох юм. Элэг буюу бидний ангиллаар мембрандаа тосны ханаагүй хүчлүүдийг зонхилон агуулдаг шарын оронд оршдог эрхтэнд дэлүү, уушги, ходоод зэрэг бадган голлосон (мембрандаа ханасан хүчил голдуу) эрхтнээс өөхний хэт исэлдэлтийн (ӨХИП) хэвийн түвшин харьцангуй их байдгийг бусдын (14.15.16) болон өөрсдийн ажиглалт дээр тулгуурлан үнэмшилтэй үзүүлж болох юм. Тухайлбал: бидний судалгаагаар цагаан хулгана, цагаан харханд хүчтэй исэлдүүлэгч бодис болох ССL4-ийг тарихад дэлүүний эдэд ӨХИП-ийн бүтээгдэхүүн диений коньюгатийн концентраци хэвийн үеийнхээс 1,2 малондиальдегид 1,2, шифрийн суурийн концентраци 1,9 дахин нэмэгдэж байсан бол элэгний эдэд хэвийн үеийнхээс диений коньюгат 2,4, малондиальдегид 1,6, шифрийн суурь 3.2 дахин буюу элэгний эдэд дэлүүний эдээс өөхний хэт исэлдэлтийн эрчим бараг 2—3 дахин их байгаа нь элгэнд хэт исэлдэн урвалдах чанартай тосны бодисууд (ханаагүй хүчил) хавьгүй илүү байгааг харуулах бөгөөд ийм ӨХИП, хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн, язгуурууд нь өөр хоорондоо урвалдах, рекомбинацид орох явцдаа хэт сул гэрэл, квант, дулаан ялгаруулдаг онцлогтой нь (5, 10) гэсэн Монгол анагаах ухааны онолтой тохирно (9).
Бид янз бүрийн эрхтний эсийн мембраныг хатуу шингэн үелбэр байдал, ханасан, ханаагүй тосны хүчлийн алиных нь тоо дийлэнхүй байгааг харгалзан хоёр хуваахдаа нэгдүгээр буюу ханасан хүчил ихтэй мембраны бүтэцтэй, бадганы оронд оршдог эрхтнүүдэд холинорецептор, хоёрдугаар буюу ханаагүй хүчил ихтэй мембраны бүтэцтэй шарын оронд оршдог эрхтэнд адренорецептор тооны хувьд давуутай оршдог гэсэн санааг мөн гаргасан юм. Холинорецепторийн нөлөөгөөр амьсгалын дээд замын салст, шүүрэл, цэр, ходоодны шүүс, хоол боловсруулах ферментийн ялгаралт ихэсдэг бол адренорецепторийн нөлөөгөөр өөх тосны бодисын задрал хурдасч бодисын солилцоо эрчимжин, дулаан ялгаралт ихэсдэг нь (21) ингэж хэлэхийн бас нэг үндэс болсон юм.
...Шарын өвөрмөц чанартай хүнд шарын хурц билиг чанараас нөхцөлдөн биеийн хөдөлгөөн, зан ааш зэрэгт нь бадгана, хийн өвөрмөц чанартнаас харьцангуй хурцлаг түргэн байдаг (9) гэсэн нь адренорецепторийн үйлдэлтэй холбоотой байж ч болох юм.
Монгол анагаах ухааны онолын дагуу ХШБ-ы үндсэн таван хэлбэр түүний өвчилсөн байдлын онцлогийг дээрхитэй холбон тайлбарлах   оролдлого хийлээ.
А. Хийн таван хэлбэрийн өвчлөлийн үед амь баригч хий хямарвал толгой эргэх, яриасаг болох, амьсгалахад төвөгтэй, дээш гүйгч хийн өвчний үед бие суларч, ярьж чадахгүй ой муудах, түгээгч хийн өвчний үед аймхай болох, яриа цөөрөх, гал тэгш хийн өвчний үед хоолонд дургүй, шингээлт сулрах, доош гүйгч хийн өвчний үед бие засч үл чадах, шээс ялгарахгүй зэрэг бүхэлдээ эсийн мембраны сэрэмтгий чанар алдагдсантай холбоотой явагдах өвчний шинж тэмдгийг дурджээ (9, 26).
Шарын таван хэлбэрийн өвчний үед шингээгч шарын өвчний үед гал тэгш хий нь ходоодонд тунгалаг цөвийг ялгаруулж үл чадсанаас ходоод дүүрч, баас хатах, өнгө урвуулагч шарын өвчний үед арьс шарлах, бүтээгч шарын өвчний үед ой ухаан муудах, нойр ихдэх, үзүүлэгч шарын өвчний үед нар луу харж үл чадах, цагаан юм шар харагдах, өнгө тодруулагч шарын өвчний үед арьс ширүүн, шар болох хумс шарлах зэрэг шинж тэмдэг илрэх (9, 26) бөгөөд энэ нь шарын орны гол эрхтэн болох элэгний эсийн митохондр, микросом зэрэг мембран байгууламжид тосны хүчил, холестрин, цөсний хүчлийн нийлэгжилт явагддаг элэгний эсийн мембрант байгууламжийн тосны ханаагүй хүчлүүд нь бусад эрхтэнүүдтэй харьцуулахад хайлах температур багатай, исэлдэн задрах хурд, ялгарах дулаан, хэт исэлдэлтийн эрчмээр илүү байдаг тухай орчин үеийн ухагдахуунтай дүйж байна (14. 15. 16).
Бадганы үндсэн таван хэлбэр тэдгээрийн өвчлөлтийн шинж тэмдгийг Монгол анагаах ухааны сурвалж материалд; шүтүүлэгч бадганы өвчний үед хоол идэх дур муудах, гашуулаар гулгидаг, ялзлагч бадганы өвчний үед хоол боловсролт муудан, юу идсэн ч бөөлжинө, хэхрэнэ, хэвлий дүүрч хатуурна, амьсгалуулагч бадганы өвчний үед юмны амт мэдэхгүй хэл хүйтэл оргино, дуу хоолой сөөнө, хангагч бадганы өвчний үед толгой хүндэрч хараа муудна, найтааж ханиана, сонсгол муудна, барилдуулагч бадганы өвчний үед үе мөч бүдүүрч хавдана, цэр нус, амьсгалын салс гадагш ялгарч чадахгүй гэсэн нь (9) бидний дэвшүүлсэн бадгана дийлэнх эрхтэнд мембраны байгууламжид нь холинорецептор давамгайлан байрладаг байж болох тухай санаатай тохирч байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ үед холинорецепторийн мэдрэмтгий чанар суларснаас амьсгалын дээд замын шүүрэл, ходоод зэрэг хоол боловсруулах эрхтний шүүрэл, фермент, гормоны ялгаралт багассан өвчний шинж тэмдгийг өгүүлсэн нь харагдана. Энэ нь бадганыг хоол боловсруулах ферменттэй холбож Б.Цэрэндэндэвийн (22...) бичсэнтэй тохирч байгаа боловч бид бадганыг зөвхөн гормон ферменттэй бус, харин бүхэл бүтэн рецептор, янз бүрийн эрхтэн мембраны байгууламжтай холбогчоор асуудлыг арай өргөн хүрээтэй тавьж байна гэж үзэж байна.
Хоол боловсруулах замын олон тооны хүчтэй үйлдэлтэй ферментуүдийг нийлэгжүүлж агуулдаг эсүүдийн (ходоод, нойр, булчирхай) мембраны байгууламж нь хэт исэлдэн задрах болон гадаад орчны тааламжгүй нөлөөнд тэсвэрлэх чадвар сайтай тосны ханасан хүчлээс (бадганы талын) голчлон тогтдог нь эс задлан хайлуулах хүчтэй фермент нийлэгжүүлдэг лизосом зэрэг бүтцийн жижиг хэсгүүдийн мембран дээрх хүчлийг баялаг агуулдаг хамгаалалтын нарийн зохицуулгатай байдаг тухай судалгаанаас ч харагдана (1З. 16).
Б. Цаг улирлын үечлэл ХШБ, мембраны байгууламж
Монгол анагаах ухааны сурвалж материалд: «хий өвчин зун цагт үдэш, үүрээр босно. Шар намар цагт өдөр дунд, шөнө дунд босно. Бадган хавар цагт бүрий, өглөө эрт босно» гэснийг (12.18) хийсвэр ойлголт хэмээн үзэх үндэсгүй бөгөөд харин ч олон зуун жилийн ажиглалтын явцад батлагдсан гарцаагүй үнэн зүйл гэлтэй. Уг асуудлыг амьд биемахбодын мембраны ерөнхий байгууламж, гүүний бүтцийн хэсгүүдийн динамик өөрчлөлттэй холбон харуулсан зарим судалгааны материалтай жишвэл хөхтөн амьтдын биед тосны ханаагүй хүчлийн хэмжээ (олеин линолен зэрэг) хаврын улирлаас зун намрын улирал тийш аажим ихэсч намарт 3—5 дахин нэмэгддэг болон (11) тосны ханасан хүчлүүд амьтны хүйтэнд тзсвэрлэх чадварыг сулруулдаг, харин ханаагүй хүчлүүд нь уг чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг тухай судалгаа (11) нь бидний дэвшүүлсэн бадгана тосны ханасан хүчилтэй шар хачаагүй хүчилтэй харилцан шүтэлцдэг байж болох тухай санааг давхар баталж байна.
Туршлагын амьтдыг тосны ханаагүй хүчлээр баялаг хоолоор тэжээхэд зүрхний ажиллагаа 7,2°С-д зогсож байсан бол хатуу буюу ханасан хүчил их агуулсан хоол хэрэглэхэд зүрхний агшилт 12'°С-д зогсч хүйтэнд тэсвэрлэх чадвар эрс муудаж байсан (11) хийгээд гадаад орны температурыг 42°С-аас 27°С болтол бууруулахад ханасан, ханаагүй хүчлийн тооны харьцаа 1,6-аас 1.0 болтол багасч, хүйтэн нөхцөлд мембраныг хэт хатуурлаас хамгаалж байсан (20) зэргээс үзвэл хаврын бадгана хөдлөх цагт тосны ханаагүй хүчлээр баялаг бүлээн халуун хоол тэжээлийг, намрын шар босох цагт үүний эсрэг чанартай зүйлийг хэрэглэдэг байсан монгол анагаах ухааны уламжлал (9, 25. 26) шинжлэх ухааны бүрэн үндэстэй байхуйц харагдана. Харин зуны улиралд бол нийт биемахбодын мембрант байгууламжид ханасан хучлээс ханаагүй хүчилд шилжих шилжилтийн үе болж мембраны бүтэц харьцангуй тогтвортой байдалд орж болох тул мембраны сэрэмтгий чанарт өөрчлөлт гарч, монгол анагаах ухааны онолоор бол хий өвчин босох бодит нөхцөл бүрэлддэг байж болзошгүй юм. Зүрхний шигдээс өвчний үед эсийн мембраны өөх тосны бодис хэт исдэлдэн задрах пропесс, зүрхний эсийн мембраны сэрэмтгий чанар, биопотенциалийн өөрчлөлтийн хооронд хүчтэй эсвэг корреляци байдаг тухай бидний ажиглалт ч үүнд тодорхой   баталгаа өгч байна (1).
Товч нэгтгэн дүгнэвэл. Хаврын бадгана хөдлөх цагт тосны ханасан хүчил ихтэй (хүйтэн чанартай) хоол тэжээл идэж уун биеийн гадаад, дотоод орчны температурыг бууруулаад байвал мембраныг хэт хатууруулах намрын шар хөдлөх цагт тосны ханаагүй хүчил ихтэй хоол хэрэглэн гадаад, дотоод орчны температурыг нэмэгдүүлбэл мембраны шингэн үелбэрийн хувийн жин харьцангуй дээшилснээр мембран бүтэн үйл ажиллагааны тохиромжтой төлөв байдлаа алдаж эмгэг процесс үүсэх боломжтой нөхцөл тавигддаг байж болох нь ХШБ хөдлөх цаг, улирал, хоол, эм заслын тухай монгол анагаах ухааны онолтой тохирч байна.
В. ХШ Б-ыг орших орон мембраны байгууламж
Бадгана нь толгойд шүтэж биеийн дээдэд оршино. Шар нь элгэнд шүтэж завсарт (зүрхнээс хүйс хүртэл) байрлана. Хий нь сүүж, бэлхүүсэнд шүтэж биеийн доодод байрлана гэснийг зарим талаар тайлбарлах оролдлого хийвэл биеийн завсар буюу дунд хэсэг нь гэдэс, элэг зэрэг халуун үүсгэх чадвартай эрхтдүүдийн гол байрлалыг зааж байгаагаараа хүн амьтдын бүдүун гэдэсний хэсэгт биемахбодын халуун хүйтний зохицуулгын тодорхой хэсгийг бүрэн хангаж чадахуйц дулаан үүсдэг тухай доктор Ж.Шагжийн (23) онолтой нийцэж байна. Хэвлийн хөндийн дотор эрхтнийг даган байрласан өөх тосны бодисууд нь хайлах температур багатай, ханаагүй хүчил голлон агуулдаг, харин биеийн гадаргуу (дээд) хэсгийн өөх тосны бодис нь голдуу хатуулаг ханасан хүчлээс бадгана тогтдогийг ч (21) анхаарвал зохино.
Үүнийг монгол анагаах ухааны сурвалж материалд «...бадганы өвөрмөц чанартны бие дориун, өнгө цайруу байдаг, бадганы арвиталт таргалалт, өөхлөг эд арвитах зэрэг нь түүний тослогийн (хүйтэн) билиг чанараас болдог...» хэмээсэн нь (9) дээрхитэй (21) нийцэж байна.
«Г. Хүний нас. ХШБ, мембраны байгууламж»
Монгол анагаах ухааны судар бичигт «хөгшид нь хийн хүн, идэр залуучууд нь шарын хүн, нялхас нь бадганы хүн» гэсэн байдаг (18). Үүнийг өөрсдийн дэвшүүлсэн төсөөллийн дагууд авч үзвэл хүүхэд, идэр залуу насны хүмүүст өөх тосны бодисын солилцоо эрчимтэй явагддаг (ханасан, ханаагүй хүчил аль, аль нь), харин нас ахихын хэрээр уг процесс алдагддаг байж болох тухай санааг бий болгох бөгөөд туршлагын амьтдад явуулсан судалгаагаар залуу амьтдад биеийн хүчний ачааллын, нөхцөлд цусанд чөлөөт тосны хүчлийн концентраци 50—56%-иар нэмэгдэж, харин хөгшин амьтдад бараг өөрчлөгдөхгүй буюу өөхний бодисын солилцоо илэрхий суларсан байснаас (21) хөгшрөхийн хэрээр бадгана, шарын зохицуулга алдагдаж эцэстээ хий хямрах нөхцөлийг бий болгодог тухай дүгнэлт өгч болох юм.
            Д. Хий, шар, бадгана, эмийн амт, мембрант байгууламж
Хий, шар, бадганаар үүссэн өвчний эмчилгээг эмийн зургаан амттай холбон үзүүлсэн байдлаар бол хийг амтлаг (шороо + ус), исгэлэн (гал + шороо), давслаг (ус + гал) амттай, шарыг амтлаг (шороо + ус), гашуун (ус + хий), эхүүн (шороо + хий), бадганыг исгэлэн (гал + шороо), давслаг (гал + хий), халуун (гал + хий), амттай эмт бодисоор эмчлэх зарчим баримталдаг нь хийд хөнгөн, бадганд хүйтэн, шард халуун билиг чанар зонхилдог, тухай монгол анагаах үхааны онолд бат тулгуурлажээ (9. 25. 26).
Бид монгол анагаах ухаанд ус + хий махбодоос тогтсон гашуун амтан дээр нь тулгуурлан, элэгний  халуун өвчнийг ана­гаах зорилгоор өргөн хэрэглэдэг цэх галуун таваг ургамлын бэлдмэлийн идэвхийг туршлагын амьтдад CCL4-аар үүсгэсэн элэгний цочмог үрэвслийн загвар дээр судалсан юм (19).
Уг бэлдмэл элэгний эсийн мембраны тосны ханаагүй хүчилд өдөөгдсөн хэт исэлдэлтийн процессыг (ӨХИП) 2—3 дахин бууруулсан болон уг процесс хэт нам, гэрэл, квант, дулааны энерги ялгаруулан явагддагт (5. 10) үндэслэн уг эм сэрүүн чанартай элэгний халууныг дарах үйлдэлтэй гэж хэлж болох байна. Харин яг энэ туршилтын нөхцөлд уг эмийн бодис дэлүүний эсэд өдөөгдсөн ӨХИП-ийг харьцангуй сул дарангуйлсан (1,5 дахин), ерөөс ССL4-нйн нөлөөгөөр дэлүүнд ӨХИП элэгний эдийг бодвол маш сул өдөөгдсөн зэрэг нь шар, бадганы мөн чанарыг мембраны тосны ханасан, ханаагүй хүчил, тэдгээрийн исэлдэлтийн эрчимтэй холбон тайлбарласан бидний саналтай тохирч байгаа юм. Тосны ханасан хүчилд ӨХИП маш сул өдөөгддөг хүйтэн чанартай, гашуун амттай эмийн үйлдэл ч сул илэрдгийг илрүүлсэн нь бусад судлагчдын материалтай таарч байна

No comments:

Post a Comment

Зүрхний шигдээс

Зүрхний шигдээсийн гол илрэл нь цээжээр хатгах юм. Бахтай адил боловч арай хүчтэй өвдөлт юм. Зарим хүмүүс бахтай биш мөртлөө зүрхний шигдэ...